Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг, эмийн хэлбэрт оруулан савласан эмийн бодисыг эм гэнэ.
Эмийг хэрэглэхэд өвчтөнд эмчилгээний ашиг тустай үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг нөлөө үзүүлэх явдал байдаг.
Хүний бие махбодид жин/ г.мг, мкг/, эзлэхүүн /мл, дуслаар гэх мэт нэгжээр хэмжин оруулдаг, эмийн бодисын тогтоогдсон тодорхой хэмжээг тун гэнэ.
Эмийн тунгийн талаар зохих мэдлэггүйгээс эмийг шаардлагатай тунгаар хэрэглэж чадахгүй байх, хэт бага эсвэл их тунгаар хэрэглэх, эмчилгээ үргэлжлэх хугацааг зөв баримтлахгүй байх нь элбэг тохиолддог.
Эмч мэргэжилтний зөвлөсний дагуу эмээ зохих тун, хугацаагаар хэрэглэхгүй орхивол өвчин дахин сэдэрч, бүрэн эдгэрэхгүй архаг хэлбэрт шилжин ужгирах эрсдэлтэй.
Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээр эмүүдийн гаж нөлөө давхцан эмийн хортой нөлөөлөл нэмэгдэх, эмийн үйлчилгээний идэвхи буурах зэрэг зэрэг сөрөг үзэгдэл гардаг. Ж/нь: парацетамол, аспирин, диклофенак зэрэг өвчин намдаах эмүүдийг давхцуулан хэрэглэвэл ходоодонд шархлаа үүсэх, ходоод өвдөх, хорсох улмаар ходоодноос цус алдах зэрэг эмгэг илэрдэг. Мөн ходоодны хүчил багасгах эмүүдтэй хамт хэрэглэхэд эмийн эмчилгээний хүч буурдаг.
Парацетамол нь элбэг олдоцтой, хямд үнэтэй халуун бууруулах, өвчин намдаах эм хэдий ч их тунгаар хэрэглэвэл элэг гэмтээдэг болох нь тогтоогдсон. Манай оронд парацетамол нь 20 шахам өөр үйлдвэрийн нэршлээр худалдаалагдаж байгаа тул таньж мэдэхгүйн улмаас давхцуулан хэрэглэж өөрийгөө хордуулах явдал гардаг. Үүнд: минигрипп, миксагрипп, эффералгин, снип, цитрамон-П, фервекс гм
Ходоодыг хямраах нөлөөтэй эмүүдийг хэрэглэх шаардлагатай бол тэдгээрийг хоолтой хамт эсхүл хоол идсэний дараа хэрэглээрэй.
Фуросемид, дигоксиныг хооллох үедээ юмуу хоол бүрэн шингээгүй байхад уувал үйлчлэх идэвх нь буурдаг. Харин А,Е, Д, К, В2 аминдэмүүд тосонд уусах чанартай тул хооллохоос 30-30 минутын өмнө сүүгээр даруулж ууна.
Эм уунгуутаа хэвтэж болохгүй, үүнээс болж ходоодны шарх үүсэх, хүүхэд уушигны багтраатай болох хүндрэл тохиолддог.
Эмийг эмчийн жороор, эмч, эм зүйчээс эмийг яаж хэрэглэх талаар зөвлөгөө авч хэрэглэх нь зүйтэй.