Saturday, October 29, 2016

Анхны тусламжийн талаар.

1. Эмнэлгийн анхны тусламжийн тухай ерөнхий ойлголт
Эмнэлгийн анхны тусламж нь аливаа осол гэмтэлд өртсөн хүний биеийн байдлыг цаашид улам хүндрүүлэхгүй байх, нэмж гэмтэл авахаас хамгаалах, биеийн чухал эрхтний үйл ажиллагааг сэргээх, хэвийн байдалд оруулахад чиглэнэ. Бэртэл гэмтэл авсан газар дээр нь үзүүлэх арга хэмжээг эмнэлгийн анхны тусламж гэнэ. Амь насанд аюултай, хүнд осол гэмтэл нь хэдхэн секунд, хормоор хэмжигдэх бөгөөд энэ нь гэмтэгсдэд үзүүлсэн анхны тусламжийн арга, хэлбэр, цаг хугацаа, чанараас шууд хамаардаг. Иймээс хүн бүр ямар ч үед осол гэмтэлд өртөгсдөд эмнэлгийн анхны тусламжийг хурдан хугацаанд үр дүнтэй үзүүлэх арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай юм. Анхны тусламж үзүүлэхдээ аль болохоор тайван, ухаалаг, нягт нямбай, сандарч тэвдэлгүй байж хурдан хугацаанд найдвартай хийх арга дадлыг эзэмшсэн байвал зохино.
Эмнэлгийн анхны тусламжинд чангалуур, даралттай боолт хийж цус тогтоох, шархыг цэвэрлэж, цэвэр боолт тавих, хугарч гэмтсэн мөчийг гарын доорхи зүйл (банз, таяг, саваа, модны мөчир, нарны хаалт гэх мэт) хэрэглэж чиг тавин хөдөлгөөнгүй болгох, зохиомол амьсгал, зүрхний иллэг хийх зэргээр анхан шатны тусламжийг үзүүлж эмнэлэгт аваачих хүртэлх ажиллагаа хамаарагдана.

2. Цус алдсан үед үзүүлэх анхны тусламж
Насанд хүрсэн хүний биед дунджаар 5 литр цус байдаг. Цус алдалтыг гадуур ба дотуур гэж ангилдаг. Дотуур цус алдалт нь аюултай бөгөөд анхны тусламж үзүүлэх болон оношлоход төвөгтэй байдаг. Гадуур цус алдалтыг артерийн судасны, венийн судасны,хялгасан судасны гэж ангилна.
- Артерийн судасны цус алдалтын үед цус нь тод улаан өнгөтэй байх бөгөөд хүчтэй олгойдож лугшилтаар гардаг. Энэ үед цус гарч байгаа шархны дээд хэсэгт судсан дээр эрхий хуруу буюу дөрвөн хурууны өндгөөр ясанд нь тултал чанга дарж, дарсан хэсгийнхээ дээхнэ талаар гарт ойр байгаа зүйл (уяа, бүс, даавуу, алчуур гэх мэт)-ээр чанга бооно. Цус алдалт зогсохгүй бол шархны дээд хэсгээр чангалуур тавих бөгөөд зориулалтын резинэн чангалуур байхгүй үед бүс, тэлээ зэрэг гарын доорх материалыг ашиглана. Чангалуур тавихдаа дараахьзүйлийг анхаарах хэрэгтэй. Чангалуур дор зөөлөн даавуу, бинтийг жийрэг маягаар тавьж арьс болон зөөлөн эд хавчигдах, хумигдахаас хамгаална. Чангалуурыг 2цагаас илүү хугацаандтавьж болохгүй бөгөөд чангалуур тавьсан цаг хугацааг тодорхой бичиж унаж хаягдахгүйгээр хавчуулсан байх шаардлагатай.
Дээрх хугацаанд эмчийн тусламж авч чадахааргүй бол чангалуурыг хэдэн минут суллах ба тэр үедээ цус алдсан шархнаас дээхнүүр судас дээр хуруугаараа дарж өгөхийг мартаж болохгүй. Чангалуурыг буруу тавих буюу хэт удаан байлгавал судас, мэдрэл гэмтэх, зөөлөн эд үхжих зэрэг хүндрэл тохиолдоно.
Үе мөчний яс хугараагүй боловч шархнаас цус алдаж байвал үенд нь хөвөн, бөс даавуу ивээд үеийг нугалан боож цус тогтоодог арга бас байдаг.
- Венийн судасны цус алдалтын үед цус нь хар хүрэн өнгөтэй байх бөгөөд тасралтгүй урсах маягаар удаан гардаг. Венийн судасны цус алдалтын үед даралттай боолт хийх буюу шархны доод хэсэгт дарна.
- Хялгасан судасны цус алдалтын үед цус нь ягаан өнгөтэй байх бөгөөд гэмтсэн шархны хэсгээр нэлэнхүйд нь нэвчих байдалтай гарна. Энэ үед шархны эргэн тойрон арьсыг иод, марганец, спирт гэх мэт ариутгалын бодисоор цэвэрлэж боолт хийнэ. Хэрэв цус нэвт шүүрч байвал ариутгасан бинтээр зузаан боогоод гэмтсэн мөчийг дээш нь сойно.


3. Амьсгалын үйл ажиллагаа алдагдсан үед үзүүлэх анхны тусламж

Гэмтэгсдийн амьсгалын үйл ажиллагаа алдагдах үед нэн даруй яаралтай тусламж үзүүлэхгүй бол амь нас алдах аюултай. Усанд живэх, цахилгаан гүйдэл ба аянганд цохиулах, хүчилтөрөгч багатай (утаажсан цех, авто гарааш, гүн худаг, уурхай, автоцистерн гэх мэт/ орчинд удаан байх, цээж уушигны хүнд гэмтэл, амьсгалын зам бүтэн ба хагас бөглөрөх зэрэгт амьсгал хямарч зогсох аюултай. Амьсгал зогсох шалтгаануудыг мэдэж байвал яаралтай тусламж үзүүлэхэд хялбар юм.

Амьсгалын цочмог хямралын үед цээжин хэсгээр бие барьсан хувцсыг тайлж амьсгалын замыг чөлөөлөх арга хэмжээг авна. Үүний тулд нэг гараа хүзүүний ард, нөгөө гараа духан дээр нь байрлуулан хөнгөн маягаар толгойг нь хүчтэйхэн гэдрэг болгоно. Энэ үед хэлний угийн булчингууд сунах ба төвөнх дээш болж цагаан мөгөөрсөн хоолой чөлөөлөгдөнө.

Хэрэв гадны биет (хоолны үлдэгдэл, нөж, ус, шороо, хиймэл шүд, шүдний хагархай гэх мэт зүйл) ам залгиурт тээглэсэн бол толгойг хажуу тийш эргүүлж, долоовор хуруугаа бинтээр ороож амны хөндийд байгаа гадны биетийг авч цэвэрлэнэ. Залгиурт тээглэсэн гадны биетийг авахдаа өвчтөнийг бага зэрэг бөхийлгөж гарын алгаар дал хооронд нь хүчтэй цохино. Энэ үед зохиомол ханиалгалт үүсч гадны биет гадагшилна. Энэ арга үр дүн өгөхгүй бол тусламж үзүүлэгч ард нь зогсож баруун гараа хагас атгаж аюулхай орчимд нь байрлуулан зүүн гараараа давхар барин хүчтэй хөдөлгөөнөөр хэвлийг доороос нь дээш шахаж өгнө. Өөрөөр хэлбэл хэвлийн хөндийн дээд хэсгийн даралт ихсэн огцом шахалтаар гадны биет амьсгалын замаар гадагшилна.
Амьсгалын дээд замд (уушгинд) ус орсон үед өвчтний толгойг унжуулж их биеэр нь баруун өвдөг дээгүүрээ дамнуулан байрлуулж зүүн гараараа толгойг нь гэдийлгэн, баруун гараар нуруун дээр нь 4-5 удаа цохиж усыг гадагшлуулна. Өвчтөн амьсгалахгүй байвал зохиомол амьсгал хийх хэрэгтэй. Зохиомол амьсгалыг амнаас аманд буюу амнаас хамарт хийнэ.
Амнаас аманд зохиомол амьсгал хийх арга. Гэмтсэн хүнээ нуруугаар нь хэвтүүлж хүзүүндоор нь цамц, дээл зэрэгзүйлийгивээд толгойг нь арагш гэдийлгэж хүзүүг өвчүүтэй нэг шугаманд тэгш байрлуулна. Гэмтсэн хүний аман дээр бинт (эсвэл нусны алчуур, даавуу, салфетик гэх мэт зүйл) тавина. Хажууд нь сөхөрч суугаад нэг гараа хэвтэж байгаа хүний духан дээр нь тавиад нөгөө гараараа эрүүнээс нь татаж амыг нээнэ. Амьсгалаа гүнзгий авч ам руу нь хүчтэй үлээнэ. Энэ үед өвчтөний хамрыг сайтар чимхэж байх хэрэгтэй. Эхний 3-5 үлээлтийг хурдан хийх ба нэг минутанд 12-14 удаа хийвэл үр дүнтэй.


Амнаас хамарт зохиомол амьсгал хийх арга. Эрүү зуурсан, гэмтсэн зэрэг зарим тохиолдолд зохиомол амьсгалыг амнаас хамарт хийнэ. Ингэхдээ амнаас аманд хиймэл амьсгал хийхтэй адилаар өвчтөнийг байрлуулж нэг гараараа амыг нь сайн хааж (эрүүг сайн түлхэж, шүд, уруул сайн нийлсэн байхаар) амьсгалаа гүнзгий аваад хамар руу нь үлээнэ. Энэ үед амаар нь агаар орох, гарах боломжгүй байвал үр дүн өгнө. Хиймэл амьсгалыг хүүхдэд шууд ам, хамар руу зэрэг хийнэ.

4. Зүрхний ажиллагаа гэнэт зогсох үед үзүүлэх анхны тусламж

Зүрхний ажиллагаа зогсох үед арьс цайж, хүүхэн хараа томорч, судасны цохилт мэдрэгдэхгүй болж, амьсгал зогсох шинж тэмдэг илэрнэ. Энэ үед зохиомол амьсгал хийж зүрхэнд шууд бус иллэг хийнэ.

Зүрхний шууд бус иллэг хийх арга. Гэмтсэн хүнээ газар дээр, эсвэл хатуу тэгш зүйл дээр нуруугаар нь хэвтүүлж цээжнийх нь харалдаа сөхөрч суугаад өвчүүний доод хэсэгт гарын алгаа зөрүүлж давхарлаж тавина. Гарыг тохойн үеэр нугалахгүйгээр гарын хүчээр биш цээж биеийнхээ жингээр жигд огцом дарна. Алга дарсан хэсэгт 3-5 см хонхойж байхаар минутанд 60 удаа давтаж хийнэ. Зүрхний шууд бус иллэгийг 5 хүртэлх насны хүүхдэд 1 гараар, нярай болон хөхүүл хүүхдэд долоовор, дунд хурууны үзүүрээр хийнэ.

 

Зүрхний шууд бус иллэгийг зохиомол амьсгалтай хослуулан хийхэд илүү үр дүнтэй байдаг. Нэг хүн тусламж үзүүлж байвал уушгинд хоёр удаа зохиомол амьсгал өгч, 15 удаа зүрхний шууд бус иллэгийг хийнэ. Өвчтөний далан доор хувцас буюу бусад зүйл ивж толгойг нь гэдрэг болгон амьсгалын замыг чөлөөтэй байлгавал зохино.

Хоёр хүн тусламж үзүүлж байвал нэг нь зүрхний шууд бус иллэгийг хийж доош нь дараад буцаах үед нь нөгөө нь зохиомол амьсгал өгөх маягаар ээлжлэн хийнэ. Нэг удаа амьсгал өгч, 4 удаа зүрхний шууд бус иллэг хийх нь зүйтэй.

Зүрхний шууд бус иллэг болон зохиомол амьсгалыг цаг хугацаанд нь зөв хийвэл зөвхөн зүрхний үйл ажиллагаа төдийгүй бусад эрхтний алдагдсан хэм хэмнэлийг ч сэргээдэг.

5. Ясны хугарлын тухай ерөнхий ойлголт

Ясны бөх бат чанараас давсан гадны хүчний үйлчлэлээр түүний бүрэн бүтэн байдал алдагдаж зөөлөн эд хамт гэмтэхийг хугарал гэнэ. Ясны хугарал нь ил, далд байхаас гадна яс нь зөрсөн, зөрөөгүй гэж 2 янз байна. Яс хугарах үед хүчтэй өвдөж тэр хэсэгт хавдаж, цус хурахаас гадна цус алдах явдал ч гардаг. Мөн хөл,гарын хугарсан хэсгээр муруй харагдана. Яс хугарсан хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгах нь чухал бөгөөдхэрэв хөдөлгөвөлхугарсан хэсэгт зөөлөн эд, том судас хавчигдаж улмаар гэмтлийн шоконд орж ухаан алдаж болно.
Ил хугарлын үед шарханд ясны хэлтэрхий орохоос болгоомжлох нь зүйтэй бөгөөд тэгшлэх, засах гэж оролдохын хэрэггүй. Шархыг цэвэр даавуу, бинт зэргээр боож цусыг яаравчлан тогтоох арга хэмжээ авах шаардлагатай. Өвчин нэмэгдсээр ухаан алдаж болзошгүй тул өвчин намдаах эм өгөх зэргээр түүний эсрэг арга хэмжээг хамт авна. Мөч хугарсан бол чиг барьж бооно. Ингэхдээ мод, хүрз, нарны хаалт, фанер, самбар, мөчир зэрэг гар дор байгаа хатуу зүйлийг ашиглах нь зүйтэй. Чиг барьж боохдоо зөөлөн материалыг зузаавтар жийрэглэжөгвөл зохино.

6. Гар, хөлийн яс хугарсан үед үзүүлэх анхны тусламж

Ясны хугарлын дотор дээд, доод мөчний хугарал 65-70 хувь тохиолддог. Гэмтэл бэртлийн үед гэмтсэн мөч эрхтнийг хөдөлгөөнгүй байлган, цаашид тээвэрлэн эмнэлэгт хүргэх асуудал маш чухал юм.

Гар, хөлийн яс хугарсан үед аль болохоор хөдөлгөөнгүй байхаар чиг тавьж боох хэрэгтэй. Ингэж хөдөлгөөнгүй боохдоо хугарсан хэсгийн дээд, доод хоёр үеийг оролцуулан боодог. Бэхэлгээ хийхийн өмнө чиг тавих зүйлээ хөвөн, бинт зэрэг зөөлөн материалаар бүрэх нь зөөлөн эд холгогдох, дарагдахаас хамгаалах ач холбогдолтой. Ясны төвгөр хэсэгт хөвөн, бинтээр жийрэг хийж өгөх хэрэгтэй. Ясны ил хугарлын үед ясны хэлтэрхийг буцааж хийх, татаж авахыг хориглоно.

Өвчтөний хувцсыг тайлах шаардлагатай бол эрүүл гар, хөлөөс нь эхэлж тайлна. Хувцас өмсгөхдөө гэмтсэн мөчөөс нь эхлэх нь зүйтэй. Өвчтөнийг дамнуурга дээр хэвтүүлэх буюу босгохдоо гэмтсэн мөчийг хөндөхгүйгээр зөөнө.

Дээд мөчний гэмтлийн үед гарыг сойж, хөдөлгөөнгүй болгохын тулд биетэй нь бэхэлж болно. Гарын шуу, бугалганы ясны хугарлын үед чигийг гадна ба дотор талаас нь тавина.

 

Дунд чөмөгний хугарлын үед хоёр ширхэг нарийн банз ашиглана. Нэг банз нь суганаас тавхай хүртэл, нөгөө нь цавинаас тавхай хүрсэн урттай байна. Гарын доорхи материалгүй үед эрүүл хөлийг гэмтсэн хөлтэй нь хэд хэдэн саваагаар бэхлэн боож болно.


Шилбэны ясны хугарлын үед гадна ба дотор талд нь хоёр ширхэг банз бэхлэн, үе оролцуулан бооно.

7. Аарцаг, нурууны яс хугарсан үед үзүүлэх анхны тусламж
Нурууны гэмтэлтэй өвчтөнийг заавал хавтгай зүйл дээр хэвтүүлэн тээвэрлэх ёстой. Хатуу банз мод байхгүй, зөвхөн зөөлөн дэвсгэр олдвол өвчтөнийг түрүүлгээ харуулан хэвтүүлж зөөвөрлөж болно. Биеийг нь нухахаас сэргийлэн хөнжил, пальто зэргийг дэвсэж бүсэлхий, тахим, хүзүүний хотгорт ивүүр зөөлөвч хийж өгнө.
 
Аарцагны ясны гэмтлийн үед мөн хатуу юман дээр хэвтүүлж толгойн дор зөөлөн юм ивнэ. Хөлийг өвдөг, түнхээр нь нугалж бага зэрэг алцгар байрлалд хэвтүүлнэ. Үүний тулд гудас, хөнжил зэргийг хуйлж тахиман доогуур нь ивж байрлуулна.

No comments:

Post a Comment